Ядуу мөртлөө өөдгүй сэхээтэн

Өөр хийх зүйлгүй тул цаг нөхцөөж ядан, орчин үеийн элдэв жиг жуг, домог үлгэрээс эхнэртээ хүүрнэж суувай. Би удаан ярилаа. Тэр маань сонсож байгаа юм уу бүү мэд. Гэнэт орцны хаалга онгойв бололтой хурц гэрэл тусав. Витлеемийн од шиг тод гэрэлтэв.
Эрчим хүчний онцгой дэглэмээс болж, гүн харанхуйд умбаж бай­сан манай муу сууцны хувьд тэр гэрэл нэн содон зүйл байлаа. Цахилгаантай үедээ ч харанхуй мэт харагддаг манай байшин мөн ч хөөрхийлэлтэй…
Нөгөө хурц гэрэлд хоёр хүний сүүдэр тусах нь сүртэй үзэгдэнэ. Нэг нь “Оройн мэнд” хэмээн чанга хэлтэл, манай өрөөнд өдөр лугаа саруулхан болов.
Эхнэр бид хоёр гэнэтийн энэ явдалд мэл гайхаж, хөшиж орхилоо. Нөгөө чангаар мэндэлсэн том сүүдэр хээнцэр, гоолиг, өндөр залуу болон тодорч:
– Танай байрыг авахаар ирлээ!? гэв.
Түүний дэргэдэх уйтгартай, баргар царайтай, 50 гаруй насны хэрийн хүн өрөө тасалгааг чимээгүй гүйлгэн харна.
– Эрхэм хүн гуай, та нар андуур­сан бололтой. Манайх арван давх­рын 32 тоот гэж би аядуу дуу­га­рав.
– Чухамхүү энэ байрыг худалдаж авч байна, хэмээн залуу эр хайнга өгүүллээ.
– Манайхыг уу? Үүнийг худалдахгүй. Яавч үгүй.
– Бүхнийг өгч, авч болдог цаг ирсэн. Мөнгө байхад яадгийг та эрхбиш мэдэх байлгүй. Ямар үнэтэйв, гэдэг асуулт байна, гэж залуу намжирдав.
– Үгүй, ингэхэд та нар хэн гэгч улс вэ? Яагаад ингэж хувийн сууцанд дур мэдэн дайрч давшлана вэ? Тэгээд бас хурцаар юу гэрэлтэнэ вэ… Эндээс Горубляне хүртэл гэрэл тасарчихсан байгаа, хэмээн эхнэр маань хоолой чичрүүлэн хэлэв.
– Хатагтай гуай, энэ бол зөөврийн цэнэглүүртэй, автомат гэрэлтүүлэгч юм.
– Түүнийг хаана, яаж авч яваа юм бэ?
– Тусгай үүргэвчинд байгаа.
– Та нар тэгээд юун хүмүүс вэ?
– Ажил хэрэгч хүмүүс. Оновчтой санал та хоёрт тавьж нэг саяыг өгөхөөр амлаж байна! гэх нь тэр.
– Хүүе, яа-на! хэмээн эхнэр өөрийн мэдэлгүй дуу алдсанаа, хэлээ хазав гэлтэй нугдайх харагдана.
– Саяыг шууд өгнө. Бэлнээр, чек дансаар, бартерээр өөрийн мөнгө, эсвэл валют аль хүссэнийг чинь өгч болно.
– Та нар зурагтын нэвтрүүлэг маягийн юм бэлтгэж, орой гэрт маань зөвшөөрөлгүй дайран орж, биднийг даажигнаж, тоглоом хийж байна уу? Ер нь би тэгж ойлгож байна. Та нарт итгэх арга алга. Миний гэрээс гарч зайлцгаа!. Би тэсэлгүй ингэж хашгирлаа.
– Ямар ч жүжиглэл байхгүй ээ, гэж залуу эр итгэлтэй хэлэв. Би эхнэр рүүгээ асуусан харцаар харахад, тэр өрөөний хаалга хүрч, хонгилоор шагайж үзсэнээ буцав.
– Нэг нь зай үүсгүүрээ, нөгөө нь чийдэнгээ барьжээ. Харин бич­лэгийн аппарат харагдахгүй юм.
– Хаа нэгтээ нуучихсан байлгүй. эдний арга залийг юу гэж бодно чи?, гэж би мэдэмхийрэв. Эхнэр тэднийг нэгжээд ч сэжигтэй юм олсонгүй.
– Юу болж байна даа, та минь! Энэ үзэгдэл надаар л өнгөрөг гэж бодъё. Цагдаад мэдэгдэхээ больё, хэмээн би арга ядан дуугарлаа. Түүний хариуд хээнцэр залуу барьж явсан хар цүнхээ онгойлготол, дотроос нь бүхэл мөнгөн дэвсгэртүүд шарланхан, ногооронхон харагдав.
– Энэ удаад зөвхөн урьдчилгаа өгнө. Өмгөөлөгчөө дуудаж, гэрээ хийлгэхийг бодогтун! гэв. Эхнэр бид хоёрын харц тулгарав.
– Залуу минь! Таны тоглоом дэндэж байна. Та нар хүнээ зөв сонгож чадсангүй гэж би эцсийн хүчээ шавхан байж хэллээ. Нөгөө уйтгартай царайт манай номын сан руу гөлрөн ширтэж таг хөшжээ.
– Бид хүнийг хууран мэхэлдэггүй улс. Ажил хэрэгч саналыг та нарт тавьсан. За эсвэл үгүй, гэдгээ шууд хэлчих!, хэмээн залуу нэгэнтээ анхааруулав.
– 60-хан ам метр талбайтай, сэглэгдсэн хавтан байранд саяыг төлнө гэж үү? Гаднаа зэрлэг ургамлаар хүрээлэгдсэн цэцэрлэг шиг юмтай. Хотын төвөөс хол… Энэ мөнгөөрөө хотын төвд олон өрөөтэй, тохилог хоёр ч байр худалдан авч болно шүү дээ.
– Болно л доо. Гэхдээ танайхыг зориуд сонгосон юм.
– Эндээс юу нь тэгтлээ их таалагдана вэ?
– Байрлал, төрх байдал нь!
– Гайхмаар юм. Ингэж хэлсэн анхны хүн боллоо, та. Эндээс зөвхөн байшингийн хана, туурга л харагддаг юм.
– Хүн хүний сонирхол ондоо юм даа. Нэгэнд нь таалагдахад, нөгөөд нь үгүй шүү дээ.
– Тэгсэн ч гэсэн 60-хан ам метр хавтанцар байранд саяыг өгөхөд дэндэж байгаа юм биш үү? гэж би чин үнэнээсээ дахин учирлав. Залуу намайг гайхан ширтэнэ.
– Хэрэв танд мөнгө нь их байна, гэж бодогдоод байвал, асуудлыг нэн амархан шийдэж болно. Таван мянгаар ч авахад бэлэн байна, бид!
– Үгүй, үгүй энэ талаар яриагүй. Гагцхүү та нарын гэнэтийн айлч­лалд итгэхгүй байгаад л хэргийн учир байна, гэж эхнэр сандран хариулав.
– Сонирхолтой хүмүүс юм даа, та хоёр! Ихийг өгье гэхэд авдаггүй, багыг голж байдаг. Тэгээд юу авахыг хүсэж байгаа юм бэ?
– Ийм муухай байранд яагаад саяыг амлаж байгаагийн цаад учрыг ойлгох гэсэндээ л тэр.
– Юмыг хэтэрхий ухаж төнхөж, мэдэх сонирхол заримдаа муу үйлийг урин далладаг. Ялангуяа сэхээтнүүд ийм хэв загварт орчих­сон байдаг нь харамсалтай. Мөнгөө аваад, та хоёр элбэг хангалуун амьдарна шүү дээ…
– Цэц булаалдахаа болъё, хэмээн би тас зөрөв. Залуу эр санаа алдаж, баргар царайт руу заагаад,
– Тэр худалдаж авахыг хүссэн. Би зөвхөн зуучлагч, гэв.
– Түүнд ямар хэрэгтэй юм бол?
– Тэр саятан хүн. Эртний ховор нандин зүйлсийг цуглуулдаг. Жилийн хугацаанд тэрээр эртний Ромын зуны байшин, Грек барил­гын балгас туурь, Египетийн цац су­варга, тэрчлэн Пизза дахь өндөр цамхгийн эх дүртэй болсон. Одоо ийм хавтан байрыг сонирхож байгаа юм. Танайхны гаднаас харж байгаад, яг энэ цонхыг заасан юм.
– Байз, байз. Пизза дахь цам­хагийн эх дүр гэв үү?
– Би сайн мэдэхгүй. Тэр эх дүр нь байгаа гэж хэлсэн.
– Энэ хавтан байшин ямар дурсгал болох юм бол?
– Үнэхээр нандин дурсгал болно. Нураахад амархан, дуу чимээ шин­гээж нэвтрүүлдэг, чийг даахдаа сайн, зун нь халуун, өвөлдөө хүйтэн, нэг үгээр хэлэхэд орчин цагийн сууц нь “эсрэг сууц” буюу бүдүүлэг цагийн сууцны үнэт дурсгал болох биз ээ…
Би саятан руу харлаа. Тэрээр биднийг анзаарч байгаа шинж алга. “Литературная газета” сонины шарласан хуудсуудаар эрээн алаг болтол нь дүүргэж наасан ханыг , шохоорхон ширтэж зогсоно.
– Байшин үйлдвэрлэх комби­натаас ийм байрыг шууд худалдаад авчихаж болмоор юм даа, хачин юм…
Залуу толгой сэгсрээд:
– Амьд зүйлийг хүсэж байна. Сонин түүх намтартай, харах зүйлтэй дурсгалтай байхыг хүссэн, гэв.
– Хөөе, хөөе! Нэг юм санаанд орлоо. Байрыг арай зээмшиж суугаа хүмүүстэй нь хамт авчих юм биш биз ээ?! Даруухан, эвсэг, найртай, цөөхөн ам бүлтэй сэхээтний гэр бүл суудаг. Дахиад л арван мянгыг нэмчихвэл, бид дуртайяа зөвшөөрнө. Бид хоёр чинь удмаараа дөрөв дэх үеийн сэхээтэн нэртэй улс. Хоёрын хоёр дээд мэргэжилтэй, нийлээд гадаадын зургаан хэл мэднэ. Ямар байна даа? Санаанд чинь нийцэж байна уу? Түүнээс гадна бид хоёр тун бага иддэг. Ер нь сүүлийн үед цадталаа юм идэж үзсэнгүй. Авдаг хэд маань ч тоотойхон болоод тэр байх. Бид шүдээрээ сонин хэвлэл зөөж, францаар дуулж ч чадна. Өөрийнхөө зочдодоо үйлчлүүлж болно. Хүсэхгүй байна уу?… Хоёр оронтой тоонуудыг цээжээр нэмж, үржүүлж дөнгөх вий…
Бас… Яана гэнэ! Хүсэхгүй байна гэнэ үү?, хэмээн би галзуурсан мэт бархирлаа. Залуу эрийн царай гэнэт дүрлийн харлав.
Уйтгартай царайт, саятан хэмээ­сэн хүн нэг юм эргэж харснаа,
– Хэтэрхий олон ном!?? гэж дуугарлаа. Тэгснээ шууд гараад явчихав. Алмайрч хоцорсон залуу араас нь үсэрч гарлаа. Хурц гэрэл гэнэт гарч ирсэн шигээ алга болов. Бүх юм урьдын адил дүлий дүнсгэр, харанхуй оргилоо.
Тэгтэл хөөрхий эхнэрийн маань сул, дорой дуу сонсдож,
– Чи ч ёстой жинхэнэ ядуу мөртлөө өөдгүй, заваан зэвүүцмээр сэхээтэн юм даа! Сэхээтэн ч гэж дээ! Хэмээн хорсолтойгоор өгүүлэв.
Юу-у гэнээ? Амьдралын маань тулах түших хань минь ингэж хэлэхэд хүрэв үү?
Сэтгэл сэрдхийж, зүрх шим­ширч, болдогсон бол газар дор орчихмоор санагдав. Гэнэт харан­хуйд хэн нэгэн мэгшсээр, намайг тэврэн авлаа…

Болгар хэлнээс орчуулсан: З. Ганболд